Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ЭМГЭНЭЛ

2018-10-11 14:58
ДОРЖГОТОВЫН ЖАРГАЛБАТ
/1967-2018/

          Бидний дотны нөхөр Доржготовын Жаргалбат 2018 оны аравдугаар сарын 09-ний өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд  нөхөж баршгүй уй гашуу тохиосонд түүний үр хүүхдүүд, ач зээ, ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
          Талийгаач Д.Жаргалбат нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт 1967 оны 09 дүгээр сарын 03-нд Доржготовын зургаа дахь хүү болон мэндэлжээ.
          1983 онд сумандаа бага, дунд сургууль, 1985 онд аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1988 онд Улаанбаатар хотод Шүүх яамны харьяа хууль цаазын дунд сургуулийг Хуульч мэргэжлээр, 2002-2004  онд Удирдлагын академийг төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн байна.
         2012 онд Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн командын сургуулийг Төрийн захирагааны менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна.
Д.Жаргалбат нь Баянхонгор аймагт хуваарилагдан ирээд хөдөлмөрийн гараагаа:
•    1988-1990 онд Баян-Овоо сумын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга
•    1990-1992 онд Заг сумын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга
•    1992-1996 онд Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын дарга
•    1996-2000 онд Эрдэнэцогт сумын ИТХ-ын дарга
•    2001-2002 онд Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын мэргэжилтэн
•    2004-2007 онд Эрдэнэцогт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга /орон тооны бус/
•    2005-2014 онд Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын дарга
•    2014-2017 онд Эрдэнэцогт сумын Засаг даргын орлогчоор улсад 27 жил ажилласан байна.
      Доржготовын Жаргалбатын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Төрийн албаны “Тэргүүний ажилтан”, Монголын нутгийн удирдлагын холбооны “Тэргүүний ажилтан”, “Соёмбо” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнагдаж байжээ.
         Талийгаачийн Улс эх орон, аймаг, сум орон нутгийнхаа төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, ажилч хичээнгүй, бусдад тусархуу, нөхөрсөг зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.


                                          БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН
                                                   ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
                                                        ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.

                                                                  Ум ма ни бад мэ хум.



2018-10-11 14:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 74
  • НИЙТ:
  • 8 238
Сумдууд