Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТАР ЧУЛУУНЫ ТУХАЙ ТҮҮХЭЭС....

2016-05-12

"Шатар чулуу"-ны чуулбар нь МЭӨ 4-2 мянган жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын үнэт өв дурсгал юм. Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хирэгсүүрүүдээс бүрдэнэ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар уралсан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 17 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал ягаан өнгийн боржин болон гантиг чулуугаар уралсан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм. Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм. Зарим судлаачдыг тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний хүннү гүрний үеийн хот, суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.(Ж.Саруулбуян "Хонгор нутгийн өв соёл" ном 31,32,33- хуудас) Шатар чулууны дэнжид 12 чулуун дарлагатай булш байна. Булшнууд нь гурав дөрвөөрөө нэг доор урдаасаа хойш цуварсан байрлалтай. Энд 17 буган чулуун хөшөө байна, Тэгш өнцөгт хэлбэртэй урдах булшны хэсэгт 4 хашлага 7 буган чулуун хөшөө байна. Булшнаас 12 м зайтай буган хөшөөний дүрсүүд нь хоёр талдаа (1-р) нэг талд нь ооль маягийн зүүлт, нөгөө талд нь чичлүүр хутга дүрсэлжээ. Булшны баруун урд талын буган хөшөөний (2-р) бугын эврийн дүрс нь л дөнгөж мэдэгдэнэ. 2-р буган чулууний хажууд (3-р) байна. Дүрс нь бүдэг. Хөшөөний өргөн дээд хэсэгт дугираг, буга, доод нарийн хэсэгт таван өнцөгт бамбай дүрсэлсэн бий. 2-р буган хөшөөний баруун хойд хэсэгт (4-р) орших буган хөшөөний дүрсний ихэнх нь арилж үгүй болсон. Зөвхөн бугын эврийг олж харж болно. 5-р буган хөшөө нь 2-р буган хөшөөний адил хэвтээ байрлалтай. Улаавтар боржингоор үйлдэгдсэн. Зураг дүр нь бүдэг. Өргөн талын дээд хэсэгт цагирагт зүүлт, буга, сүх, чичлүр хутга ганц дэгээ дүрсэлсэн байна. 6-р буган хөшөө нь булшны зүүн урд талд байрлалтай. 2-р буган хөшөөтэй адил, бүдэг зураг дүрстэй 7-р буган хөшөө нь хашлагын зүүн урд талд байна. Зөвхөн бугын эвэр төдийхөн дүрс үзэгдэнэ.


Шатар чулууны хиргисүүр булшны 2 дахь хэсэг нь 1 дэхь хэсгээс хойших нь бий. Энд бүтэн 6, хугархай 1 буган хөшөө байна. Хөшөөний хамгийн том нь (8-р) саарал боржингоор үйлдсэн 2 м гаруй өндөртэй 2 бүстэй, нүүрэн талдаа дугуй (нар хэлбэрт) дүрс, том том буганууд, бугын доор 2 морь дүрсэлсэн. Мөн бамбай байна. 9-р буган хөшөө нь баруун хойд хэсэгт, саарал боржингоор бүтсэн сүх, чичлүүр хутга, дугуй дүрст тэргүүтэн туйлын бүдэг үзэгдэнэ. 11-р буган хөшөө нь 10-р буган хөшөөний хажууд баруун хойд өнцөгт барзгардуу чулуугаар үйлдэгдсэн, дээд хэсэгт нь балархай, ар хэсэгт том буга хоёр морь дүрсэлсэн нь тод харагдана.

Мөн хоёр морины дунд дугуй, нум сум, хутга дүрсэлжээ. Нарийн хэсэгт нь бамбай сийлжээ. Энэ бүх дүрс нь хэрчлээсэн хээт бүсний дээд талд байна. 12-р буган хөшөө нь саарал боржингоор бүтсэн. Хашлагын хойд талд байна. Өргөн нүүрэн талд нь бугын дүрсийн дор янгирын эвэр хэлбэрт бариултай чичлүүр хутганы үзүүрийг нь газар руу чиглүүлэн дүрсэлсэн. Булшны баруун урд талд 13-р, 14-р буган хөшөө бий. Энэ хоёр хөшөөнд бугын эврийн дүрс бүдэг бадаг үзэгдэнэ. Хашлагатай булшнаас 6 м зайтай буган хөшөөний (15-р) хэлтэрхий байна. Булшнаас хойш 40 м зайтай нэг талдаа бугын дүрсийг (17-р) хөшөө байна.

Буган чулуун хөшөө бүтээж ирсэн он цагийг эрдэмтэд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе (МЭӨ ХУ-КП зуун)-д хамаатуулан үздэг байна. Хүрэл зэвсгийн үеийн сүрлэг томруун баримлын урлал болох энэхүү буган чулуун хөшөөний ховор нандин дурсгалын нэг нь шатар чулууны дэнж дэхь буган хөшөөний цогцолбор юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%