Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эцгийн адил өмөг түшиг Эрдэнэцогт сайхан нутаг

2016-01-22

Түйн голоо санана
Нутгийнхан маань усны тунгалаг, ургамал цэцэгсийн дунд мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэн сэтгэл тэнүүн аж төрж сууцгаадаг. Дүнжгэр дүнжгэр буурал уулсын цас цоохортон ханзарч, Түйн гол баринтгаа тайлан цөнгөө түрэхэд манай нутагт хавар болдог.Усны долгис ар араасаа хөөцөлдөн хөвөрч, голын урсгал дээгүүр зэрэглээ татан мяралзахад сүрэг цагаан зээр хөндий уруудан хуйлран давхиж байгаа мэт хичнээн гоёхон харагддаг гээч. Бидний бахархал болсон Түйн гол маань Хөл саяын даваанаас эх аван Үхэгийн гол, Дөрвөн Жаргалант, Өртөмт, Шаргалжуут, Хужирын гол зэрэг гуч гаруй томоохон гол горхи, тавь гаруй булаг шандыг нэгтгэж таван сумын нутгийг дамнан, долоон өртөө газрыг туулан Их Богд уулын ар хормойд Орог нуурыг үүсгэдэг билээ.
Хур ихтэй зун Түйн гол савнаасаа хальж, таван салааг дамжин гарсан эрчүүд “Морины хондлой цохиж байна шүү” гэж ярих нь сүрдмээр. Хүрхрэн, түрхэрч байгаа их голын бараанаар “наадмын морьд тоос татуулан ирэхэд сэтгэл нь хөөрсөн морьтой балчир хүүхдүүд угтан давхих адил” уулсын жижиг голууд огло, огло үсрэн цовхочсоор их голд түрлэг нэмнэ. Зун өвлийн аль ч улиралд хүүхдүүд Түйн голынхоо хөвөөнөөс салахгүй өдөржин тоглож өнжинө. Зун нь ширэг даган гүйж, усанд умбана. Харин өвөл нь эсгий гуталдаа тэшүүр баглаад гулгаж гарна даа.
Манай нутаг (Баянхонгорын Эрдэнэцогт)-төрсөн яруу найрагч Д.Халзан ах маань Түйн голынхоо тухай
“Хадан хар хүрэн хангайн
Хатан хөх сэлэм Түйн гол
Хясаа чулуу омгоороо алгаданхан
Харгилан түргэлэн урсдаг бил үү, чи минь …” гэж дуулж явсан нь тодхон санагдана.
Нар аргадсан хангай
Хангайн нурууны салбар их уулс Эрхэт хайрхан, Хөл сая, Тамч, Дөрвөн Жаргалант, Өртөмтийн уулс, Ямаат, Тагийн овоо, Ар бугат, Гурван Агьтын нуруу, Доромт хайрхан, Баянзүрх хайрхан, Мянган угалзын нуруу, Гэгээн овоон таг, Ар гурван таг, Баяндаваа, Агуйн дарцагт зэрэг царамлаг уулс нутгийн сүрийг гайхуулж тэнгэр баганадан дүнхийнэ. Манай сум хангайн өндөр уулс, ойт хээр хосолсон бүс болохоор ой мод, зүйл бүрийн эмийн ургамал, жимс жимсгэнэ, олон төрлийн рашаан, түргэн урсгалт тунгалаг гол, зэрлэг ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй өгөөж баян эрдэнэсийн өлгий нутаг. Ямар эрдэнэ цогцлоогүй нутгийг Эрдэнэцогт гэх вэ дээ. Манай сум таван мянга гаруй хүн амтай, хүн амдаа тохирсон газар нутагтай аймгийнхаа томоохон сумдын нэг нь юм. Сумын төв Түй, Мааньт, Хүрэмт гэсэн гурван голын бэлчир Цагаан дэнж дээр улам хөгжин дэгжиж байна. Хөгшид Мааньтын гол жоншин дундуур урсдаг, Хүрэмтийн гол цармын цэнгэг ус, Түйн голоо рашаан гэж хөөрөлхөнө. Сүрлэгээс сүрлэг “Эрхэт” хайрхан уул маань Завханы “Отгонтэнгэр”, Архангайн “Суварга” хайрхнуудтай бараа бараагаа харалцдаг юм гэж манайхан бахархацгааж, энэ сайхан нутаг усаа бурхан шигээ үзэж, цай сүүнийхээ дээжийг өргөцгөөнө.
Халуун зуны улиралд цас хялмаалж ч мэдэх
Гал үдийн халуунд шамарга тавьж ч мэдэх
Сайхан хангайн сэрүүн лаврин
Санаанд дулаахан Монгол энхжин
Зуны дунд сард голын мөс нь хайлаагүй ч байж мэдэх
Зуслангийн айлууд өглөөд цастай ч золгож мэдэх
Нар аргадсан буурал хангай
Надад заяасан нэгэн диваажин гэж нутагтаа очоод бичсэн минь энэ.
Цармын тарлан сарлаг
Манай хангайнхан мал малын захтай боловч түүний дотроос сарлагаа л бишрэн магтана. Өвөлдөө их уулсын хяр, царам, мухарт өвөлжсөн айлууд зуны дэлгэр цагт уулсынхаа урт, урт ам, хөндийг уруудан голын хөвөөгөөр зусцгаана. Үүлс мөрлөсөн уулсын цаанаас мацаж, мацаж мандсан өглөөний наран үүлсийн сиймхийг самбаачлан их уулсын өвөрт хамаг халуунаа юүлчих шиг толгой дээрээс төөнөх нь гайхалтай. Ар бугатын шигүү модтой дүгнэгэр уул нарны туяатай зэрэг чихэлдэн гэрийн тооноор өнгийх нь сүрдмээр. Дөрвөн бэрхийн шүншигтэй “Дээд”, “Дунд”, “Доод”, “Өвгөн” Жаргалантын уулсын оройд үүлс орооцолдож, их уулсын хормой хотоор өтгөн манан хөглөрөх. Өглөө бүсгүйчүүд өтгөн манан дунд сааль сүүндээ гарцгааж, өвсний шүүдэр туучин сарлагаа хурааж гүйлдэх хүүхдийн цангинасан дууг уулсын цуурай хөглөж, саваг сүүлээ сагсалзуулсан сарлагийн бух хаагчиж, энд тэндгүй үнээ, тугал мөөрөлдөх нь их усны харгиатай нийлэн найрал хөгжим л гэсэн үг.
Уулсын царам өдөр өнжихгүй бороотой. Их борооноос залхсан бүсгүйчүүл цагаан идээ, ааруул хатаахгүй бас л усан бороо гэцгээн аргал, түлшээ базааж гүйлдэнэ. Ханын толгойд өлгөж, унинд хавчуулсан хувцаснаас борооны ус дуслах жаахан залхуутай. Айл бүрийн хөхүүртэй айраг, орон доогуур гүзээ гүзээгээр хураасан тос, тэвш тэвш дүүрэн ааруул, тавиур тавиураар хатаасан өрөм, сав саванд шавж овоолсон өрөм бялхаж, өрөм, тосны өег үнэр тогооны аарцны сэнгэнэсэн үнэртэй хамт хамар цоргин гэр дүүрэн ханхална. Их уулсын дундах хөндийд битүү манан бууж, үе үе бороо шавшиж, хөвд өвсний үнэртэй сэрүүн салхи сэвэлзэх нь аргагүй л манай нутгийн араншин юм даа. Нутгийнхан маань 2013 онд сумынхаа үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор “Гурван түмэн” сарлагийн баяраа тэмдэглэж байсан бол энэ онд “Дөрвөн түмэн” сарлагийн баяраа нижгэрхэн тэмдэглэлээ.
Манай нутагт ус ургамал сайхан гарч, мал сүрэг өсч байгаагийн нэг илрэл нь энэ ажгуу. Өмнөх нийгмийн үеэс л манай сум сарлагийнхаа тоогоор улсад эхний гурван байрыг алдахгүй явсаар ирсэн, өдгөө ч өнгөлсөөр яваад нутгийнхнаараа бахархах сэтгэл аяндаа төрнө. Баярын үеэр хамгийн хөөрхөн, хамгийн содон зүстэй, хамгийн сүү ихтэй, хамгийн урт савагтай, хамгийн хурдан, хамгийн сайхан бух, хамгийн гоё тохош хэрэглэлтэй сарлагаа шалгаруулж, сарлаг, хайнаг булгиулж, сайхан сарлагтай хос, тэргүүний саальчдаа тодруулж, сарлагийн хөсгийн цуваа явуулж, дуутай хурууны наадам, сүү, цагаан идээний үзэсгэлэнгээ гаргалаа.
Баярын тухай явуулсан нэвтрүүлгүүдээс олон сарлагийн үхрийг уулнаас дүүгүүрдэн буулгах нь үзэгчдэд их л сонин содон мэт санагдаж байлаа.
Эргэх дөрвөн улиралд нутгийнхан маань сарлагаа нуруу ачин Хөл сая, Тонгорог, Цагаан хад, Хүслэнт, Мөнхбулаг, Нам, Суу, Илбэх, Хужирт Суварган зэрэг олон алдартай даваагаараа даван өвсний соргог, усны тунгалгийг шилэн нүүдэллэж, ахуй амьдралаа залгуулсаар ирсэн билээ. Манай нутгийн унаган хүү Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бирваа ах маань хүүхэд ахуй насандаа өсч өндийсөн их уулсын өндөр өндөр даваа, элтэй номхон сарлаг, бага залуу насныхаа тухай дуулсан дууг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ.
Цасан хунгарт сульдаагүй
Царам хангайн сарлагаараа
Сарьдах Илбэхийн даваагаар
Сажлуулж явахыг үзсэнгүй ээ
Харгайтын нуруунд хариулаагүй
Хар тарлан сарлагаараа
Харгуй замын бартаанд
Хаагдаж явсан удаагүй ээ…
Нутгийн зүг жолоо залах бүрийд хөөрхий муу ижийн минь “Сарлаг их ухаантай амьтан шүү”, “Манай нутгийн хэдэн бор уулс цагийн хатууд хэдэн хүнээ, мал сүргээ аваад гардаг юм шүү дээ” гэж хэлдэг үг нь бодогдож сэтгэл, зүрхийг минь уяраан догдлуулах юм даа.
Манай өвөө Дамбийгийнд “хүүхдийн хар тарлан” гэсэн нэртэй нэг гуна байсан гэх. Хангайнхан өвсний сөл хөөж, царам өөд нүүх дуртай байдаг хойно өвөөгийнх ч мөн адил “Дээд Жаргалант”-аас “Үхэг”-ийн эх орохоор нүүхдээ ижийн минь хоёр дүү Ханд, Жагз эгч нарыг өөжин үхэгт нь суулгаад хар тарландаа ачин бусад ачаатай гунануудын хамт дөрийг нь эвхээд “Мөнхбулаг”-ийн даваа өөд туужээ. Тэр үед Ханд эгч таван настай, дүү нь гурван ой хүрэх гэж байсан гэнэ. Хэдийгээр намрын сүүл сарын дулаахан өдрүүд байсан ч харьж яваа цаг болохоор давааны оройд цас хялмаалж, үе үе шуурга тавьж байжээ. Өвөө гунануудынхаа араас бог малаа туусаар гарахад даваа дөнгөж өнгийгөөд нэг гуна хадны дэргэд зогсоод үлдсэн байх юм гэнэ. Ойртоод очтол хар тарлан, хүүхэд ачсан тал нь хэлтийгээд унах болчихсон, том үхэр чулуунд ачаагаа тээглүүлээд зогсчихсон, бусад гунанууд нь аль хэдийнэ давааны бэл руу буучихсан байж. Хар тарлангийн үсэнд цас шивээд бууралтчихсан, хоёр хүүхэд нь тайван унтаж байсан гэж өвөө минь ярьдагсан. Сарлаг ийм л ухаантай амьтан.
Миний ижий:
…Үүрээр ачаалсан айлууд нар булаалдаж хөдлөхдөө
“Үхэг”-т суулгасан хүүгээ сарлагийн нуруунд тэгнэж
Сарьдаг өндрийн даваа өөд туугаад явуулдаг нүүдлийг
Сарны дайдаас ээж минь саравчилж харахаар явчихсан
Манцуйтай зээгээ домнож бор халзан туулай болгочихоод
Мянга мянган оддын анивчих гэрлийг тодруулахаар
Магнаг торгон хантаазтай миний хатан ижий
Мяралзах оддын чуулалд цучил нэмэхээр явчихсан…
Гал халуун рашаан
Байгаль ээжийн хосгүй гайхамшигт бүтээл “Шаргалжуут”-ын рашаан зөвхөн манай нутагт л байдаг нь бас л аз шүү. Нар ээсэн “Дорлиг” хайрхны дулаахан өврөөс болоронцор боржин, асган дотроос оргилон гарах халуун, хүйтэн, том жижиг зуун тавь гаруй ундаргатай, +45оС –ээс +96оС хэмтэй рашаан Монгол нутгийн өөр хаана ч үгүй бөлгөө. Байгаль эхийн урласан хүний бие эрхтнүүдийн хэлбэр, дүрс бүхий чулуунаас ундран гарах рашаан маань өвчин, хуучийг засахад үнэхээр зохилдлоготой агаад авралтай гайхамшигтай ажээ. Өглөөний нарны цацрах туяа, үдшээр цайрах сарны гэрэлд Дорлиг хайрхан, Лхамын хад, Сайдоны уулс улам сүрлэг агаад ихэмсэг, халуун рашаанаас савсах уур бие эрхтнийг тайвшруулж, хөлөөр хөглөрөх ногоон замаг, зүйл бүрийн рашааны өнгө үзэмжийг харж нүд баясан, сэтгэл тайвширч, боргилон ундрах рашааны чимээ, анирыг сонсоход үлгэрийн оронд л ийм байдаг байх гэх сэтгэгдэл аяндаа төрнө. Эх нутгийн минь гоо үзэсгэлэн, омог сүр, ижий байгалиас заяасан энэ бүтээлийг хараад сэтгэл догдолж, бахархахгүй байхын аргагүй. Манай нутагт “Шаргалжуут”-ын рашаан шигээ нэрд гараагүй атлаа нутгийн зон олондоо ач буянаа хайрласаар байгаа “Дөрөлж”, “Цагаанбулаг”, “Сонгинот”, “Бага Шаргалжуут” зэрэг олон арван рашаан бий.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан Шаргалжуутын рашааны тухай
Аргаль янгир нь сэмжин үүлэн дээр мөргөлдсөн
Аагим зуны үдэд сэлмэн сарьдгийн мөнх цас аарцалсан
Амтат исгэлэн чацаргана хойлгийн жимээр өнхөрсөн
Алтайнхан зүүншээ ШАРГАЛЖУУТ өөд хошуурч байна
Яагаад?
Хотгор нуруутай дэргэр эвэртэй хандгай
Хос хосоороо цээлийн усанд умбахад
Замаг гэж андуураад зогдроос нь загас жараахай дугтардаг
Хөвсгөл, Сэлэнгийнхэн урагшаа ШАРГАЛЖУУТ зорьж байна
Хүдэнт сарьдгийн зулайнаас цаа бугаар бууж байна
Яагаад?
Аянч шувууд нь нуугин нургин бүчихлээр
Арвин цэнхэр мандал нь нуур биш тэнгэр харагдах
Наян хэлийн шувууд нь нисэхээр
Номин цэнхэр тэнгэр нь огторгуй биш нуур үзэгддэг
Найман нуур, Хоргынхон барууншаа ШАРГАЛЖУУТ зорьж байна
Нарсны шилмүүс унаа морьдынх нь дэлийг самнаж байна
Яагаад?
Өнжин хонон давхиад сэжүүрий нь үзэмгүй талтай
Үлэг гүрвэлийн сэрвээг элсэндээ нуусан бүрдтэй
Хавтгайн зогдор загны нь мөчнөөс яндарласан
Гавшгай хулан нь зэрэглээ залгилж ялаархсан
Уудам говийнхон хойшоо ШАРГАЛЖУУТ өөд хөвөрч байна
Улаан зогдортой Галбын атаа тэргээр солин давхиж байна
Яагаад? …
Шатар чулуун хөшөө
Манай нутагт олон арван хөшөө, түүхийн дурсгалт газар бий. Хэдэн арван км үргэлжлэх Эрхэт, Тамчийн хавцал, Тамчийн далан долоон нуур, Түйн голын ай сав газар, Гурван Агьтын Ёлын тогоо, Хачин ламын сүм, Ламын гэгээний хүрээ болон Даяаны хүрээний хийдийн туурь, Тамчийн буган хөшөө, Цагаан хадан давааны уяа, Үхэгийн амны сүг зураг, Урт нарийний буган хөшөө, Жанжин толгой, Дөш толгой зэрэг олон алдартай газар судлаач, сонирхогч, жуулчдын сэтгэлийг татсаар л байна. Мөн Монгол нутагт шатар анх үүссэний нотолгоо гайхамшигт “Шатар чулуу”-ны хөшөөг үзэхэд сэтгэл сэргэж, нүд баясана. Боржин чулуугаар шатрын дүрс сийлж, өөд өөдөөс нь харуулан хөлөг дээр өрсөн мэт энэхүү хөшөө нь монгол хүн хэдэн зуун, мянганы тэртээгээс хөлөгт тоглоом тоглож, бүр хөшөө хүртэл босгож байсан гэж бодохоор бишрэлтэй.Энэ бол монгол хүн оюуны агуу их чадавхитай, түүнийгээ бишрэн шүтэж, хөшөө дурсгал болгон босгосны нэгэн илэрхийлэл ажгуу.
Малчин Мөнхийн лоозон
Эрдэнэцогтынхон хэзээнээс зовхи нь өөдөө, аливаад оройлон оролцож ирсэн онцлогтой. Түүнээс ганц нэгхэн жишээ дурдахад Агуу эх орны дайны жилүүдэд улс орон даяар Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөн өрнөж байсан тэр ажилд нутгийнхан маань ханцуй шамлан оролцож, 200 гаруй морь , сарлаг үхрээ үнэгүй бэлэглэж, 332 шилдэг сайн морьдоо худалдаж, улаан армийн хоол хүнсэнд 1163 адуу илгээж байсны зэрэгцээ малчин ард н.Мөнх Зөвлөлтийн улаан армид бичсэн захидалдаа “Герман хэмээх зэрлэг дайснууд аюултай хор нүгэл үйлдэж байна. Өвгөн малчин би үнэнч нөхөр, ах дүү нартаа өөрийн цөөн буурай сүргээсээ шилж сонгон энэ удаа 15 морио бэлэг болгон барья. Миний 15 агтын ган туурайд өстөн дайснууд өндийхгүй болтлоо сөнөх болтугай гэсэн лоозон тавья” гэж бичиж байжээ. Манай нутгаас үеийн үед олон арван тэргүүний хүн төрөн гарч, тэд маань улс орныхоо бахархал болсон билээ. 370 жилийн тэртээ ламын гэгээний анхдугаар дүр их номч Лувсанданзанжанцан одон зурхайгаа бясалгаж, агуу бүтээлээ туурвиж байжээ.
Манай хошууны Буурал ноён буюу Гүргэмжав ван 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Хатанбаатарын цэргүүд Жанжин толгойд буудаллаж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт нутгийн ард Д.Зэгвэ, Жү.Готов нарын 20 орчим эр элсэж, Улиастай, Улаангом, Ховдын хязгаарыг Манж, Хятадын цэргээс чөлөөлсөн гэж бодоход бахархалтай.
Нутгийн яруу найрагч Д.Хүүхнээ:
“…Жанжин тойрмын нутаг маань
Жаахан ч нутаг биш дээ хө…” гэж дуулж явлаа.
1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд манай сумаас олон цэрэг оролцож явсны нэг нь ахмад дайчин Д.Сэдбазар гуай юм. Түүний тасгаас БНМАУ-ын баатар Л.Аюуш, С.Дампил, Дашдондог зэрэг эрэлхэг баатрууд төрөн гарсан гэж бодохоор нутгийн ахаараа бахархахгүй байхын аргагүй байдаг аа.
Түүнчлэн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Б.Дорж, Г.Очирбат, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Бирваа, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Д.Цэдэв гээд тоолно.
Монгол Улсын гавьяат багш шинжлэх ухааны доктор, Профессор Г.Лхагвасүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын начин, доктор Г.Батсүх, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, гавьяат нэгдэлчин В.Пүрвээ, гавьяат тээвэрчин Д.Сономдорж гээд нэрийн цуваа хөвөрнө.
Манай сумаас хоёр хошууч генерал Ч.Пүрэвдорж, З.Болдбаатар нар төрөн гарсан нь бахархалтай. Монгол Улсын аварга малчин Р.Бүтэд, Г.Чойдог, Ц.Сономдорж, Х.Цэрэнпил, В.Алтанцэцэг, Д.Балжинням, Д.Батболд, Б.Бямбаа, Ц.Пэлжид, Н.Цэвэлмаа, Б.Бямба… гээд бас л сайчуул. Эрдэмтэн доктор профессорууд: Т.Лхагвасүрэн, Г.Лхагвасүрэн, Б.Түдэв, Ү.Нямдорж, Н.Надмид, Ц.Маам, Ш.Балжинням, Т.Доохүү, Ё.Доржбат, Л.Даваадорж, Г.Батсүх, А.Базаррагчаа, Ч.Жигжидсүрэн…гээд бахархана.
Төр нийгэм, шашны нэрт зүтгэлтэн: Д.Сэр-Од, З.Болдбаатар Д.Чимэддагва, С.Рагчаа, Л.Ойдовсамбуу, Ч.Тогоо, З.Очирбат, Т.Гомбосүрэн, Ч.Тогоо, О.Загдсүрэн, С.Ичинхорлоо, Д.Мандах, О.Мишиг, Т.Пүрэвжав, Д.Юндэнбазар, Ц.Эрдэнэ-Очир, Д.Гомбо, С.Рэнцэнцэдэв, Ц.Төмөрбаатар Д.Цэвэгдорж, Х.Рэгсүрэн М.Зундуйдаваа…
Ламын гэгээнтэн, маарамба Д.Доржжанцан, гэлэн санваартан Ж.Цэрэннамжил, Жигмэд, Гомбо, Уул, Рэнцэн, Ч.Готов Л.Юндэнбат, Чүлтэм, Цэрэндорж, С.Сономдагва, Б.Рэнцэнсамбуу, Г.Дамбийбалжир, Н.Насанбуян, Б.Отгондалай, Ж.Лхагвасүрэн, Ж.Батбаяр, Л.Отгондалай Г.Юмчинсүрэн … гээд л нэрлэж гарна даа.
Мөн улсын заан Д.Төмөрбатар, улсын начин С.Шагдар, Л.Дамдин, Г.Батсүх нараас гар бөмбөгийн нэрт мастер М.Долгорсүрэн, Ц.Алтанцэцэг … гээд л нутгаас минь төрөн гарсан нэртэй тамирчид, яруу найрагчид, зураачид, урчууд, бүжигчид, дуучид, хөгжимчид зэрэг бусад алдартнуудыг нэрлээд, нэрлээд баршгүй.
Хан хорвоод хүн болж мэндлэхдээ би
Хангайн нурууны өвөрт төрсөн юм
Эцэг минь өвлийн шөнө адуугаа манасан
Ирвэст уул тэнд бий
Ижий минь өглөөн нарнаар сүүгээ өргөсөн
Цаст оргил тэнд бий
Улаан шунхтай
Цагаан хүйг минь дарсан хөх чулуу тэнд бий
Унаган туурай хэлбэртэй
Гэрийн минь онгин буурь тэнд бий
Морь гадаа нь аргамжаатай хонодог
Эцгийн минь гэр тэнд бий
“Монгол айл” гэж
Төрд данслагдсан нэр нь тэнд бий
Түмд нэг тохиох
Хүн заяаг олж төрсөндөө би азтай
Түйн голынхоо хөвөөнд
Галаан асааж зулаан бадраасан нутгийнхан минь буянтай.
Төрсөн нутаг минь шүтээн юм. Сэтгэл, зүрхний шүтээн өндрөөс өндөр өө.

 МЗЭ-ийн яруу найрагч Цэнд-Аюушийн Ичинхорлоо
 
Мэдээллийн эх сурвалж: www.zaluu.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%