Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрдэнэцогт сумын "ПАНДЭ ЧОЙНХОРЛИН" хийд

2015-11-13

1990 оны 6 дугаар сарын 1-ний өдөр суман дахь "ГАЧЭН ЛАМ" ын хийдийг түшиглэн бага залуудаа хүрээ хийдэд шавьлан сууж бурханы номд суралцаж явсан хошуу нутгийн ахмад буурлууд маань тал бүрээсээ ирж нийлэн хуучин цагийн хүрээ хийдийнхээ хурал номын үйл ажиллагааг сэргээн явуулах болсон нь нутгийн иргэд олон түмний хүсэл сонирхолд нийцсэн сүсэгтэн олны шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал байлаа.
Хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээн байнгын хурал номын буяныг үйлдэхээр Ч.Цэрэндорж \хамба лам\ Л.Өлзий \ловон лам\ Төмөр \их унзад\ Готов \ өндөр, бага унзад\ Г.Гэндэн, Самбуу, Нанзад, П.Готов\гэлэн\ Бат-очир\гэлэн\, Ч.Готов\цомбо\, Дамдин, Цэдэнцамба, Балжинням, Түндэв, Мятав\цомбо\ Хавчиг, Цэдэндамба, Бямба, Дамдинсүрэн, Жүгдэр, Жигжив, Бэх-очир, Лувсан, Готов\шар, цомбо\, Гунгаа \гэлэн\, Дамдин \өндөр, гэсгүй\, С.Дамдинсүрэн, С.Шагдар \гэлэн\, Дондог, Гомбодорж, Бүгд\гэцэл\, Готов\ бүлтэн\ Рэнцэн\гэлэн\, Доржжанцан, Ишжанцан, Чимэддагва, Мягмар, Очирбат\монхор\, Чинбат\залуу\ нарын нутгийн ахмад буурал өвгөд маань олон жил сэтгэлдээ шившиж явсан уншлага номоо түмэндээ түгээх эрх чөлөөгөө эдлэх болсон юм.
Тус хийдийн хурал номын үйл ажиллагаа сэргэн хэрэгжих болсонд тухайн үеийн "Батзам" нэгдлийн удирдлагууд ач холбогдол өгч нэгдлээс үл хөдлөх хөрөнгө, "Газ53" автомашин олгож үйл ажиллагааг нь дэмжиж байжээ. Өргөн олон түмэн маань ч өөрсдийн өвөг дээдсийн бурхан шүтээн судар ном, эд өлгийн зүйлийг хийддээ нэмэр хандив болгон ирүүлж байлаа. Тухайн үеэс хийдийн хамба ламаар Ч.Цэрэндорж 1990-1996 он хүртэл,
Г.Дамбийбалжир 1996-2006 он хүртэл 2006-2008 он хүртэл О.Дагвасүрэн, 2008 оноос одоог хүртэл Г.Дамбийбалжир нар ажиллаж, ажиллах хугацаандаа хийдийн хурал номын үйл ажиллагааг тогтворжуулж тав тухыг хангаж өргөжүүлэх ажлыг сэдэж санаачлан олон түмний дэмжлэг тусыг авч өвлийн дуганыг 2000 онд барьж байгуулж чадсан юм.
Мөн буян номын үйл бүтээх хүсэл сэтгэлтэй зарим хүмүүсийн тусламж дэмжлэгээр 'Танжуур", "Даанжуур”-ын их хөлгөн судруудыг хийддээ залан судар номын өв соёлоо өргөжүүлэн, 2000 оны эхэн үеэс хийдийн залуу лам нар Энэтхэг Түвдэд суралцан бурханы номд суралцан мэдлэг боловсролоо гүнзгийрүүлжээ.
"Гачэн лам" Лувсандамбийнямаагийн хойд дүрээр нутгийн хүү Батдоржийн Рэнцэнсамбуу тодорч Гачэн Чогбрүл ренбучи цолоор өргөмжлөгдөн 2007 онд ширээнээ залагджээ. Одоогийн байдлаар тус хийд нь 30 гаруй лам хуврагтай, 6 ажилтантай хурал номын үйлээ хэрэгжүүлж өдөр тутмынхаа уншлага номоо уншиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг үйлдэж байна. Тус хийдийн хамт олон хана хэрэм бүхий 108 суврагыг ард олны хандив тусламжаар бүтээгээд байна.


эх сургалж:
Эрдэнэцогт сумын 90 жилийн ойн номоос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%