Модон луу жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 10 улсын аварга малчин тодорсоны нэг нь Үенч сумын Нарийн гол багийн малчин Ц.Баатархүүгийнх юм.
Улсын аварга малчнаар тодорсон Ц.Баатархүү, түүний гэргий С.Ембүү нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Ц.Баатархүүгийн өрх айл 2012 онд аймгийн аварга малчин, 2017 онд аймгийн хошой аварга малчин болж байсан бол 2023 онд 1500 мал тоолуулж Улсын аварга малчин боллоо. Ингэснээр Үенч сумаас төрөн гарч байгаа 9 дэх, Нарийн гол багаасаа тодорч байгаа 4 дэх улсын аварга малчин болж байна.
Анх аав ээжийн гал голомтоос айл гэр болж, 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө таван хошуу малаа тэгш дүүрэн өсгөж, 35 жил мал аж ахуйн салбарт ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Эцэг эх, өвөг дээдсээс заяасан малч ухаанаа өвлөн яваа Улсын аварга Ц.Баатархүүгийн гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе.