Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах уулзалт өнөөдөр /2022.04.28/ боллоо.
Монгол улсын Их хурлын Тамгын газар, аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран зохион байгуулсан тус уулзалтад Жаргалант сумын Ерөнхий боловсролын 8 сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нар, ахлах ангийн сурагчдын төлөөлөл болон Өсвөрийн парламентын сурагчид гэсэн 80 гаруй багш, сурагч оролцлоо.
Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллаж байна.
Танилцуулах уулзалтаар “Дэлхийд парламент яаж үүссэн бэ, Монгол Улсад хэзээ парламент байсан бэ, яаж хөгжсөн бэ, Парламент юу хийдэг вэ” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээллийг хүргэж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн 15-17 насны сурагчийн гарын авлага тараах материалыг сурагчдад өгсөн юм.