Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум жилийн эцсийн мал тооллогоор хамгийн олон адуутай буюу түмэн адуу тоолуулсан сумаар нэрлэгдэн тэргүүлж байна. Нутгийн онцлогт тохируулан голчлон өсгөдөг мал маллагааны арга ухаан малчин бүрд бий.
Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Хорчингийн хөдөөд хаваржиж байгаа малчин Д.Сосорбарам багийнхаа хамгийн олон адуу тоолуулсан малчдын нэг. Шураг багаас улсын аварга малчин нэг, улсын хошой аварга малчин 1, аймгийн аварга малчин 14 төрөн гарсан байдаг.
Мөн Шураг баг нь сумынхаа хамгийн том багийн нэг төдийгүй 194 өрхийн 646 хүн амтай. Жилийн эцсээр тус баг нь 61,211 толгой мал тоолуулсан бөгөөд мал сүргийн дийлэнхийг ямаан сүрэг эзэлдэг байна.
Тэгвэл 2021 оны аварга малчдын нэгээр Шураг багийн малчин Д.Сосорбарамынх шалгарч 15 дахь аварга малчин болж шагналаа гардан авлаа.
Малчин Д.Сосорбарам 1997 онд өрх тусгаарлан айл болж бие даан мал малласнаас хойш тасралтгүй 24 жил буянт мал бүргээ маллан өсгөж, сүүлийн 5 жил 1000 давсан мал тоолуулсан байна.
Аймгийн аварга малчин Д.Сосорбарамын хот айл жилд 10-20 тонн хадлан хураан авдаг байна. Зун намартаа отор нүүдэл хийж малдаа тарга хүч авхуулахын зэрэгцээ нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч иржээ.
Тэрээр Ховд аймгийн Алтай сум, Увс аймгаас хээлтүүлэгч авч ирж сүрэгтээ нийлүүлснээр малын чанар сайжирч, ашиг шим нэмэгдсэн байна.
Түүнчлэн сум багийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан тэмдэглэлт ой, баяр наадмаар хандив өгөх, сумынхаа албан байгууллагуудад мал өгөх зэргээр хамтран ажилласаар иржээ.
Ийнхүү мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн аймгийн аварга малчнаар шалгарсан аваргуудад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.