Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн малчин Б.Батмөнх, түүний гэргий О.Болормаа нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр гардуулж өгөв.
Ёл, Цом хайрхан, Хар ус нуурын хөвөөгөөр нутагладаг малчин Б.Батмөнхийнх өдгөө 1000 гаруй толгой малтай. Энэ жил 250 гаруй төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Малчин Б.Батмөнх үе удам залган 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 2017 онд “Шилдэг залуу малчин”, 2019 онд “Сумын аварга малчин” цолны болзол хангаж байлаа.
Тэрбээр нутгийн онцлог, бэлчээрийн ургамлын төлөв байдлаас шалтгаалан тэмээ өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч байна.
Сүүлийн 10 жил дарааллан Ховд аймгийн хамгийн олон тэмээтэй сумаар шалгарч байгаа Дөргөн суманд 5973 тэмээ бий. Энэ сумын мал аж ахуйн багуудаас Сээр баг 2817 тэмээтэй буюу тэмээн сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлж байгаагаараа онцлогтой.