Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн малчин Б.Жамсрангийн гэр бүл 2021 оны ажил үйлсээрээ манлайлж “Аймгийн Хошой аварга малчин өрх” боллоо.
Агваш арал, Чаргат уул, Хар ус нуураа түшиглэн нутагладаг малчин Б.Жамсран, түүний гэргий Ө.Дулам нар 50 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулжээ.
Эднийх Агваш багийн нутаг “Хүрэн толгой” хэмээх газарт хаваржиж байна. Энэ жил 300 орчим төл мал хүлээн авах юм.
Малчин Б.Жамсран 2004 онд “Аймгийн алдарт уяач”, 2009 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бол ийнхүү 12 жилийн дараа “Аймгийн Хошой аварга малчин” болж байгаагаараа онцлогтой. Мөн Агваш багаас төрөн гарсан анхны Аймгийн Хошой аварга малчнаар нэрлэгдэж байна.
Б.Жамсран аваргынх мал сүргийнхээ үүлдэр угсаа, чанарыг сайжруулах зорилгоор эцэг малыг 1-2 жилийн давтамжтай сольж байна. Мөн байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай нүүр тулсан ч шантраагүй, үр хүүхдээ малчин болгож, залгамж халаагаа бэлтгэж яваа аймгийн хошой аваргын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.