"Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн малчин А.Давлетхан, М.Жумаахан нар энэ сарын 21-ний өдөр шагналаа гардан авлаа.
Буянт гол, сүрлэг өндөр уулсаа түшиглэн нутаглаж байгаа малчин А.Давлетхан 1456 толгой малтай. Сүүлийн 4 жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа тус малчных энэ жил 400 гаруй төл хүлээн авахаас өнөөдрийн байдлаар мал төллөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тэрээр 3 хүнийг малжуулсан бөгөөд Алтай сумаас шилмэл хуц, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас ноолуурын чиглэлийн ухна авч, малынхаа үүлдэр угсаа, чанарыг сайжруулан ажиллаж байна.
Малчин А.Давлетханы аав З.Авик 1988 онд аймгийн аварга малчин болж байсан бол түүний хадам аав Т.Мархабаа 1982 онд мөн л аймгийн аварга малчин цолны болзол хангаж байжээ.
Тэрээр 3 дахь үеийн удам залгасан малчин бөгөөд таван хүүхдийнхээ хоёрыг нь мөн малчин болгоод байна.
Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг баг 81 малчин өрхтэй. Өгөөж баян нутагтаа малчин түмнээ манлайлан, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж яваа малчин А.Давлетхан ийнхүү Цагаан эрэг багийнхаа 11 дэх аваргаар тодорч байна.