Буянт сум нь мал аж ахуйн 5 багтай ба 2021 оны жилийн эцсээр 218785 толгой мал тоолуулсан. Үүнээс 12000 адуу тоолуулж түмэн адуутай сум болжээ. Энэ үед тус сумын Цагаан бургас багийн малчин Б.Бямбадорж аймгийн “АЛДАРТ УЯАЧ” хэмээх эрхэм цолоор шагнагдаж байгаад сум орон нутгийн удирдлагууд бэлгэшээж байлаа.
Аймгийн алдарт уяач Б.Бямбадорж 1987 онд анх удаагаа жороо морь унаж аймгийн наадамд айргийн гуравт орж байжээ. Улмаар 1989 оноос хойш өөрийн унаган морио уяж аймгийн наадмын 3 түрүү, 4 айраг хүртсэн амжилтуудыг үзүүлжээ. Мөн 1994 оны аймгийн наадамд Б.Бямбадорж уяачын галаас 4 жороо уралдаж, тухайн наадмаас 2 айраг, 2 жороо нь 8, 10-т ирж байсан сайхан түүхтэй гэнэ.
Түүний аав жороо морьт Уужаа Э.Бүсжав хэмээн нутгийн зон олондоо алдартай бор зүсмийн жороо хурдан морьтой хүн байсан талаар тэрээр дурсан ярьлаа.
Өдгөө аавынхаа үргэлжлэл болж Монгол адуунынхаа үүлдэр угсаа, тэр дундаа унаган адуугаа авч үлдэх, хамгаалах тал дээр ихээхэн анхаарч яваа уяач юм.
Түүний гэргий Д.Алимаагийн тухайд ханийгаа наадамд морио айрагдуулах бүрд нь огшиж, догдолж, уясан мориныхоо үр дүнг харлаа хэмээн хамгийн ихээр баярладаг байна. Уяач хүний гэргий байна гэдэг бүх талаар дэмжиж, ард нь бат зогсохын нэр хэмээн бодож явдагаа онцолж байлаа.
Ийнхүү Буянт сумын Цагаан бургас багийн Зумъян адаг гэх газарт хаваржиж байгаа аймгийн “АЛДАРТ УЯАЧ” Б.Бямбадорж, түүний гэр бүлд халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.