Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг хэрэгжүүлэх алба хаагчдыг мэргэшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газрууд хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” баруун бүсийн сургалтыг өнөөдөр /2021.11.19/ зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн оролцон үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтаар “Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа”, “Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог”, “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шалтгаан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа”, “Хүүхэд хамгаалал”, “Цагдаагийн алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, стрессээс гарах арга” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургагч багш нар сургалт орж байна.
Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ, МБТ-ийн дарга, Чиглэлийн ахлах мэргэжилтэн, байцаагч, ахлах мөрдөгч, Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн зэрэг нийт 34 алба хаагчид хамрагдаж байна.