Баянхонгор аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Би бишээ бид” гэсэн тодотголтойгоор нийгэмдээ эерэг сайхан хандлагыг түгээх аяныг өрнүүлж буй.
Энэ сарын 12-ны өдөр “Би бишээ бид” аяныг санаачлагч аймгийн Иргэдийн хурлын дарга Э.Энхбат, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч М.Дашзэвэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэцогт, Өлзийт сумдад ажиллалаа.
Хөдөөний айл бүрийн хэрэглээ болсон мотоциклтой холбоотой ослын улмаас 2020 онд улсын хэмжээнд 122 хүн амь насаа алдаж, 273 хүн хүнд гэмтсэн. Харин Баянхонгор аймагт энэ төрлийн 35 хэрэг бүртгэгдэж, 17 хүн ослын улмаас амь насаа алдсаны цөөнгүй нь ид хийж бүтээх насан дээрээ яваа залуус байжээ. Түүнчлэн мотоциклийн осолд орсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гар хөлөө хугалж, хүнд хөнгөн гэмтэл авсан тохиолдлууд бий. Энэ төрлийн ослоос шалтгаалж залуучууд хөдөлмөрийн чадваргүй болсон жишээ олон байдаг.
Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс ч мотоциклтой холбоотой асуудлыг онцлон үзэж улсын хэмжээнд анхаарч үзнэ үү хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал хүргүүлжээ.
Тиймээс “Би бишээ бид” аян, Цагдаагийн газрын “Мотоцикл-2021” арга хэмжээний хүрээнд аймгийнхаа хамгийн хүн ам олонтой, хөдөлгөөний идэвхижил их Өлзийт, Эрдэнэцогт сумын мотоциклтой иргэдийг өөрийнхөө амь насыг хайрлаж, хамгаалах малгай тогтмол өмсөж хөдөлгөөнд оролцож байхыг уриалж, хамгаалалтын малгайг үнэгүй өглөө. Мөн Бууцагаан, Бөмбөгөр сумын мотоциклтой иргэдэд өгөх юм.
Хэдийгээр Хятад Улсад үйлдвэрлэсэн мотоцикл чанар муутай байдаг хэдий ч бидний өөрсдийн мотоциклийг аюулгүй хэрэглэх дадал, зуршил, чадвар муу байгааг иргэд ойлгоорой.
Хятад мотоцикл бол асфальтан замд зориулагдсан унаа гэдгийг онцолъё. Монголчилж зассан хятад мотоцикл амь насанд тань эрсдэл учруулж байна. Мотоциклийн хэрэглээн дээрээ бид зөв дадал зуршилтай хандахгүй бол эрдэнэт хүний амь насыг алдаж, тахир дутуу болох, гэр бүл, ах дүүсээ өнчрүүлэх гээд олон хохирол учирсаар байна.