Сумын тухай ерөнхий мэдээлэл, товч танилцуулга.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь 1923 онд байгуулагдсан. Эдүгээгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум нь Ардын хувьсгалын өмнө Халх Монголын Сайн ноён хан аймаг, Дайчин вангийн хошуу, 1921 онд ардын засаг тогтсоноор 1923 онд Цэцэрлэг мандалын /Архангай/ аймгийн Түйн голын хошуу гэж Засаг захиргааны нэгж болон хуваагдсан. Эрдэнэцогт сум нь хуучин хүрээ хийдээс зайдуу нутгийн дунд богино хүүшийн ам, талын толгойн ар хөндийн дэнжид 5-6 өрх барьж тугаа мандуулан анхны сумын голомтоо бадраасан. Дараа нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад харьяалагдаж иржээ. Тус сумын хилийн урт 420 гаруй км бөгөөд урд талаараа өөрийн аймгийн Өлзийт сумтай 35 км, баруун талаараа аймгийн төвтэй 28 км, баруун хойд талаараа Өөрийн аймгийн Баяновоо сумтай 33 км, Галуут сумтай 70 км, Хойд болон зүүн талаараа Архангай аймгийн Булган, Цэнхэр сумтай 90-100 км, Зүүн болон зүйн хойд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумуудтай 100-120 км газраар тус тус хиллэн оршдог. Сэнжит, Ямаат, Өвгөнжаргалант, Эрхэт хайрхан, Жанжин, Сумын төв гэсэн Засаг захиргааны 6 багтай, 2013 оны жилийн эцсийн тооллогоор 1140 өрхөд 4216 хүн амьдарч байна. Хүн амын тоогоор аймагтаа хөдөөгийн нийт сумдаас эхний байранд ордог. Тус сум нь 409.7 мянган га нутгийг эзлэн оршдог.
Байгаль газар зүйн онцлог. Далайн түвшингээс дээш 1700-3535 метр өргөгдсөн. Монгол орны баруун зүгийн нутгийн зүүн хойд, хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн 46.5 градус, баруун уртрагийн 101 градусд байрлана.
Газар хөдлөлийн эрчим 4-5 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод, хад асга бүхий Хангайн өндөр уулсын бүсэд Мал аж ахуй,газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
-Цаг уурын нөхцөл.Сумын нутагт өвлийн улиралд хойд зүгийн туйлын их газрын хүйтэн уур амьсгал орж ирдэг. Энэ үед 22-36 градус зарим үед 40 градус хүртэл хүйтэрдэг. Зуны улиралд 10-25 градус, хааяа 30 градус дулаардаг. Жилийн хур тундасны хэмжээ 180-250мм. Салхи их төлөв баруун хойноос 7-10 метр/секунт зарим үед 10-15 м/с хүрнэ.
-Хөрс, ургамал. Нутгийн хойд талын уул бүрийн ар сүүдэр дагаж шинэс мод ургасан байдаг. Манай сумын ой нь 1-р мужлалд ордог учир сумын ойд ашиглалт байдаггүй. Ойн сан бүхий газрын 2022 га талбай нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байдаг.